728 x 90

Гурван улсын харваачид мөсөн сурын харваагаар өрсөлдөв

Гурван улсын харваачид мөсөн сурын харваагаар өрсөлдөв

 

Тэртээх XIII зуунд дэлхийн талыг монголчууд эзлэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн зэвсэг бол нум сум юм. Эцэг өвгөдөөс бидэнд уламжилж ирсэн энэ зэвсэг одоо цагт спортын нэгэн төрөл болтлоо хөгжиж иржээ. Үүний нэгэн нотолгоо бол Монголын сурын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Өвлийн наадам” аяны хүрээнд хамтран зохион байгуулж буй арга хэмжээнд багтсан “Мөсөн сурын харваа” юм.

Өнгө өнгийн дээл өмсч, бүс ороосон эрчүүд эгнүүлэн өрсөн чих буюу шавтай ойрхон зогсонгоо ташуулъя эсвэл хормойлъё гэж уухайлан хашгиралдах сонсогдоно. Нумаа тэлж, сумаа хөвчлөн татсан эрчүүд харвааны зурхайн дээрээс харвахын өмнө байны тэндэх эрчүүд ийнхүү хашгирах ажээ. Мөсөн сурын харвааны талбайд тавьсан ширээ сандал дээр суусан шүүгч нар тэмцээнийг шүүнэ. Түүнээс холгүй газар “Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн” гэсэн анонс хаджээ. Тэмцээнийг зохион байгуулагч цуваа харваанд оролцох хүмүүс нэрээ өгч бүртгүүлнэ үү хэмээн зарлах нь сонстоно. Энэ зуур харваачид цэц мэргэнээ сорин харвасаар. Энэ жил тав дахь удаагаа зохиогдож буй тэмцээнд нийт 17 баг оролцож цэц мэргэнээ сорьж байгаа аж.

Гадаадын хоёр баг оролцож байгаагаас нэг нь ОХУ-ын Буриадаас, нөгөө нь БНХАУ-ын ӨМӨЗО-ноос ирсэн байв. Мөн оролцогч багийн тоо энэ жил өсчээ. Өнгөрсөн жил 13 баг оролцсон бол энэ жил дөрвөн баг шинээр нэмэгдэн цэц мэргэнээ сорьж байна гэж Монголын сурын холбооны тэргүүн А.Гомбодорж ярилаа. Харин орон нутгаас Хов, Говь-алтай, Баян-Өлгий, Дархан, Хүч спорт хороо болон Бурхан Халдун группын “Бурхан халдун” баг оролцож байна гэв.

Сур харвааг халх,урианхай, буриад харваа гэж хуваадаг. Бид Баян-Өлгий аймгийн Булган сумаас гаралтай урианхай харваагаар харваж байна. Тэмцээн багийн болон цуваа харваа гэсэн хоёр төрлөөр явагдана. Тэмцээний дүрэм ёсоор багууд дөрвөн хэсэгт хуваагдаж тоглоно. Тэндээс шалгарсан дөрвөн баг тойргоор тоглоод түрүүлсэн нь улсын аварга болно. Харин цуваа харваанд 20 чих өрж тавина. Оролцогчид 20 сум харвах бөгөөд хамгийн өндөр оноо авсан нь түрүүлэх ажээ. Харваачид 40 метрээс харваж байгаа. Хэрэв байны тоо цөөрч хоёр үлдвэл ойрын зайнаас буюу 25 метрээс харвах юм байна. Урианхай харваа нь хоёр онцлогтой.

Төв аймгийн “Хөвч” багийн харваачБусад харваанд харваачийг харвах гэж байхад хор шарыг нь малтаж анхаарлыг нь сарниулах хориотой байдаг. Харин урианхай харваанд үүнийг зөвшөөрдөг. Ингэснээр анхаарлаа төвлөрүүлж, дотор хүнтэйгээ ажиллаж сурна, тэвчээртэй болно.Бас нэг онцлог нь тэмцээнийг ес эхлэхээр хийдэг. Энэ нь харваачдын тэсвэр хатуужлыг шалгаж байгаа хэрэг юм гэж Монголын сурын холбооны тэргүүн ярьж байлаа. Дашрамд сонирхуулахад Монгол сурын холбоо 2008 онд байгуулагдаж, энэ жил 10 жилийн ой тохиож байгаа аж. Харваачид дотроос дээл өмссөн өвөрмонгол залуучууд ялгарч харагдана. Тэднийг ахалж ирсэн зүүн үзэмчин хошууны сур харвалтын холбооны гишүүн Ё.Бөхзаяа “Бид Шилийн голоос өвөрмонголчуудаа төлөөлөөд “Соёл жуулчлалын товчоо”-ныхноор зуучлуулаад наймуулаа ирсэн. Тэмцээнд оролцсоноор бид үндэстний уламжлалт соёлоос суралцахын хажуугаар цэц мэргэнээ сорилоо.

Нөхөрсөг сайхан тэмцээн болж байна” гэв. Түүнээс залуус нь хэр оролцож буй талаар сонирхоход “Манай залуучууд туршлага багатай ч их сайхан харваж байна. Олон харваач, багш нар бидэнд энэ харвааны ёс дүрэм, журмыг ярьж зааж өгсөн” гэв. Мөн тэрээр тэмцээнд оролцож байгаа багууд их сайн харваж байна. Энд олон сайн харваач иржээ. Манай залуучууд ч тэднээс суралцаж байна. Яваандаа илүү сайжрах байх гэж итгэж байна. Манайд харваагаар хичээллэдэг олон хүн бий. Жилээс жилд хичээллэгсдийн тоо өсч байна. Өвөрмонголд ганцхан сарампай харвадаг.

Түүнийг 30, 40 метрийн зайнаас харвана. Хөлөнбуйр аймагт бүлэн болон түнх харваа гэж бий. Бүлэн харваа нь халх харваатай төстэй. Харин өгөх оноо нь өндөр байдгаараа ялгаатай.Түнх харваа нь харвах зай нь хол, байны голч нь жижигхэн байдаг. Мөн сарампайгаа өлгөж байрлуулах хэмжээ нь монгол харваанаас өөр гэсэн юм. Тэд тэмцээнээ дуусгаад 5-нд буцна гэв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр өдөр үргэлжилсэн “Өвлийн наадмын” хүрээнд явагдсан мөсөн сурын харваа өндөрлөж дүнгээ гаргалаа. Багийн харваанд Ховд аймгийн баг түрүүлсэн юм.

Говь-Алтайн “Засагт хан” багийн харваачХарин цуваа харваанд харваачид 20 чих харваж оносон дарааллаар нь байр эзлүүлснээс I байрыг Баян-Өлгий аймгийн харваач н. Алтантулга, II байрыг Ховд аймгийн харваач н.Мөнхбат III байрыг, н.Баттулга, IV байрыг Баян-Өлгий аймгийн Болор, V байрт Эрдэнэтийн Хангарьд спорт клубын харваач н.Ойнбаяр нар шалгарсан байна. Энэ наадмыг зохион байгуулж буй Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Бид энэ арга хэмжээг зохион байгуулснаар Монгол Улс, Улаанбаатар хотоо гадаад орнуудад сурталчилж, жуулчдыг татах, нийслэлчүүдээ ирж оролцдог баярлаж цэнгэдэг, үндэсний спортоо сонирхож тоглодог болоосой гэж бодож байна. Ялангуяа, үр хүүхдүүддээ өв соёлоо таниулан сурталчилах зорилготой энэ наадмыг хийж байна” гэв.

Мөн энэ наадмын үндсэн төрх нь дээл хувцас, тоглоом наадам, монгол гэр барих зэрэг үндэсний имижийг бүрдүүлсэн онцлогтой гэсэн юм. Тэмцээний өмнөх хоёр жилийг Туул голын эрэг дээр зохион байгуулсан бол сүүлийн гурван жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран хийжээ. Ингэснээр нийслэл хотынхны ирэх дуртай газрын нэг болсон байна. Түүнээс гадна мөсөн гулгуурын талбайд иргэд чөлөөтэй гулгах боломжтой гэнэ. Анх удаагаа 25х100 см-ийн урттай мөсөн шагайн талбайг бэлдсэн байна. Мөн энд ирсэн хүмүүс нохойн чарга хөлөглөх, тэмээ, морь, цаа буга унаж зурагаа авахуулах боломжтой ажээ.

Гэр бүлийн буухиа уралдаан зохион байгуулж, нийслэлийн хороодын дунд явагддаг шилдэг үндэсний хувцсаар гангарсан хороог шалгаруулах наадам болох ажээ. Мөн үндэсний хувцастай эрэгтэй, эмэгтэй болон хүүхдийг шалгаруулах юм байна. Өвлийн наадмын хүрээнд мөсөн сурын харваанаас гадна, мөсөн шагайн харваа, снөүбоард, цанын сонирхогчийн тэмцээн,мөсөн шатрын сонирхогчийн тэмцээн болон мөсөн хананд авиралтын тэмцээнийг зохион байгуулсан юм. Мөн энэ үеэр урлаг соёлын үзүүлбэрийг хүмүүст үзүүлж сонирхууллаа.

Шинэ мэдээ