728 x 90

Н.Баярмаа: Би нөхрөө бусдад алдахгүй гэсэн жирийн нэг эмэгтэй

Н.Баярмаа: Би нөхрөө бусдад алдахгүй гэсэн жирийн нэг эмэгтэй

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа маргааш Монголын театрын нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Би эндээс явахгүй” жүжгийг шинэчлэн найруулан тавих гэж байна. 

Тус жүжгийн  гол дүрийн нэг буюу Дулмаад тоглох  УДЭТ-ын жүжигчин СТА Н.Баярмаатай ярилцлаа.

-Шинэ жүжгийнхээ талаар товч мэдээлэл өгөөч?
-Э.Оюун багш бол орчин үеийн театрын үндэслэгчдийн нэг, театрын түүхэнд их үнэ цэнэтэй хүн юм. Тиймээс бид  мэндэлснийх нь 100 жилийн ойд зориулан өөрийнх нь зохиосон “Би эндээс явахгүй” жүжгийг шинэ үеийн залууст зориулж тоглох гэж байна. 

Гэхдээ энэ дүр надтай адилхан биш. Нөхрөө өөр хүнд алдчихгүй, гэр бүлээ хамгаалахыг хүссэн эмэгтэйн дүр.

Их олон бүтээл байснаас бид алийг нь сонгож тавибал хүмүүст илүү хүрэх вэ гэдэг сонголт их чухал байсан.  Ярилцсаны  дараа театрын захиргаа, уран сайхны зөвлөлийн шийдвэрээр тус жүжгийг  энэ цагийн залуучуудад хүргэх нь тохиромжтой хувилбар гэж сонгосон. Жүжгийн үндсэн зохиолыг эвдэхгүйгээр энэ цаг үе рүү авчирсан.

-1956 онд бичигдсэн зохиол гэж сонссон. Тэр үеийн нийгмийг харуулах  уу?
-Мэдээж тэр үеийн өнгө аяс бий. Гэхдээ зохиолын агуулга бол ердөө л хүний тухай юм. Мянган жилийн өмнө ч байсан одоо ч  байгаа амьдралын тухай өгүүлэх нь чухал болохоор үзэгчдэд хүргэхийг хүссэн.
Аль ч нийгэм, аль ч үед байсан амьдралын үнэ цэнэ, хайр сэтгэл, гэр бүлийн тухай маш нандин бөгөөд эмзэг зүйлийг харуулна.

-Таны гаргаж байгаа дүрийн зан байдал, бодит байдал дээрх танаас ямар ялгаатай вэ?
-Би Дорлиг хэмээх эмчийн  эхнэр Дулмаагийн дүрд хуваарилагдаад ажиллаж байна. Дүр гэдэг нэг хүний илэрхийлэл байдаг. Хүн өөрөө ч мэддэггүй их олон нууц зан төрх гарч ирэх үе бий. Гэхдээ энэ дүр надтай адилхан биш. Нөхрөө өөр хүнд алдчихгүй, гэр бүлээ хамгаалахыг хүссэн эмэгтэйн дүр.

-Жүжгийн “Дулмаа бүсгүй хэлж амжаагүй нууцтайгаа түүнийг орхин явахаас өөр аргагүй болов” гэсэн үгсээр юу илэрхийлэх гэсэн юм бол?
-Жүжгийг үзэхэд хүний сонирхлыг татсан, хүчтэй сонирхолтой үйл явдал олон байгаагийн нэг нь тэр нууц байх болно.

-Гол дүрд тоглох гэж буй хоёр уран бүтээлчтэй өмнө нь  хамт тоглож байв уу?
-Театрт хамтран тоглогч их чухал байдаг. Бид хоорондоо харьцаж,  үзэгчид  дэргэдээс  үздэг учир хамтрагчтайгаа сайн харьцаж байж үзэгчдийн сэтгэлд хүрнэ.
О.Гэрэлсүх ахтай “Алсын удирдлага”, “Сүүлчийн шөнө” кинонуудад хамт тоглож байсан. Харин Б.Одончимэг бид хоёр амьдрал дээр  сайн найзууд.  Хамт уран бүтээлд тоглож байгаагүй юм билээ. Анх удаа хамтран жүжигт тоглох гэж байна.  Тайзан дээр зэрэгцэж гарах болсондоо маш их баярласан, их гоё байгаа.  Бие биеэ урдаас үзээд чиний энэ болж байна, тэр болохгүй байна гээд л...

Гэр бүл гэдэг их эмзэг зүйл. Маш их хайрлаж болгоомжтой харьцаж байхгүй бол цаг хугацааны эрхээр хагарах магадлалтай.  

-Гэр бүлийн хүнтэй, хань үр хүүхэдтэй хэрнээ нууц амраг гэх хүнтэй байх тал дээр ямар үзэл бодолтой байдаг  вэ? Жүжгийн гол хэсэгт их хамаатай юм шиг.


-Үүнийг шууд нууц амрагтай холбовол их өрөөсгөл ойлголт. Тэр зүгээр л нэг хэсэг нь.  Яагаад амьдралд нууц амраг гэх хүн гараад ирдэг, өдий болтол нууцлаад хүний амьдралд байдаг нь тайлагдашгүй сонин зүйл юм. Харин ямар шалтгаан байж болох вэ гэдгийг жүжгээр дамжуулж харуулахыг хичээсэн. Мэдээж бүгдийг нь тайлж чадахгүй ч иймэрхүү байж болох юм гэж л...

Яг нууц амрагийн жүжиг биш зүгээр л хайр сэтгэл, эрэгтэй эмэгтэй хүний онцлог,   харьцаа, гэр бүлийн эмзэг, нандин чанаруудын тухай үзүүлэхийг зорьсон. 
Гэр бүл гэдэг их эмзэг зүйл. Маш их хайрлаж болгоомжтой харьцаж байхгүй бол цаг хугацааны эрхээр хагарах магадлалтай.  

-Эхнэртээ эсвэл нөхөртөө хууртагдахыг хэн ч хүсэхгүй. Гэр бүлээ авч үлдэхийн тулд хэн хэн нь хичээх ёстой юм шиг?

-Миний бодлоор анхны сонголт их чухал санагдсан.  Эхнээсээ зөв таньж ойлголцож чадаж буй эсэхээ анзаарч мэдэх хэрэгтэй байх. Бүгдийг зөв эхэлж чадвал цаашид ч бас зөв л байдаг.  Хэрэлдэж, маргалдаж эхлээд цаашид гайгүй болчих байх гэж бодтол даамжраад дордох магадлалтай.  Би гэр бүл судлаач биш ч гэсэн хүмүүсийн харьцаанаас харахад анхнаасаа зөв хүнээ сонгох нь чухал.

-Дулмаад тохиолдсон шиг явдал амьдрал дээр танд тохиолдсон бол та ямар сонголт гаргах байсан бол?
-Энэ жүжгээс миний ойлгож авсан бас нэг зүйл гэвэл эрэгтэй эмэгтэй хүмүүс ойлголцох нь чухал. Сайн ярилцаж, зөвшилддөггүй бол ан цав үүсч,  олон жил амьдарсан ч гэсэн биесээ таниагүй байдаг.  Энэ жүжигт хий хоосон төсөөлөл биш бодит зүйл их бий. Хэрвээ надад ийм зүйл тохиолдвол яаж хандахаа мэдэж байна. /инээв/

- Яваад өгөөч гэхэд явахгүй, ирээч гэхэд ирэхгүй тийм зүйл танд тохиолдож байв уу?
-Зав муутай байдаг болохоор тийм нарийн нандин юм болоогүй. Уран бүтээлээрээ л олон сонин хайрыг харуулж байсан.  Гэхдээ хүн болгоны сэтгэлд гоё хайр байдаг.

Гэрлэсэн ч бай, гэрлээгүй ч бай, гэрлээд олон жил амьдарсан хүн ч гэсэн энэ жүжгийг үзэхэд сайхан санагдах байх.

-Энэ жүжгийг үзсэн хүмүүс юуг ойлгож ухаараасай гэж хүсэж байна?
-Төлөвлөгөөний дагуу гэдэг шиг хэлэх гэсэн санаагаа зуун хувь гүйцэтгэж  чадвал  олон залууст эерэг мэдээлэл мэдрэмжийг өгөх байх. Гэр бүл гэдэг их өргөн том сэдэв. Түүнээс өөрсдийн амьдралд хэрэгтэй дохиог авч чадвал, хэн нэгний үзэл бодол өөрчлөгдөж чадвал, өөрийгөө өөрчлөх хүсэл төрвөл уран бүтээлч бидний зорилго биелж буй хэрэг.

Орчин үед гэр бүлийн сэдэв их яригддаг болсон. Тэгэхээр гэрлэсэн ч бай, гэрлээгүй ч бай, гэрлээд олон жил амьдарсан хүн ч гэсэн энэ жүжгийг үзэхэд сайхан санагдах байх.

-Зохиолын нэр нь  хүмүүсийг их татаж байгаа юм шиг. Энэ үг яг хэнээс гарах бол?
-Би бас их гоё нэр гэж боддог. Энэ Дорлигийн сэтгэлээс гарч байгаа үг.  Гэхдээ магадгүй Дулмаа, Сэржмаа хоёроос ч гарч байж магадгүй.  
Яагаад театр оршдог гэхээр нийгмээс арай түрүүлж алхаж байдаг болохоор би театраа их хүндэлдэг.  Театр үргэлж нийгэмд хэрэгтэй зүйл хийдэг. Чухал үед  чухал  дохиог хүргэх гэж байгаа учир манай театрт морилоорой.  Танд ямар нэг өөрчлөгдөх сэтгэл төрүүлэх болтугай.

Эх сурвалж: gogo.mn С.Отгонжаргал

Шинэ мэдээ