728 x 90

С.Баяр. Эхлээд Элчин сайдын ажлаа өгөөд орхиё

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Ярилцлагаа үйл явдлын сүүлээс нь урагш хөөж эхэлье гэж бодож байна. АТГ-аас таныг өнгөрсөн долоо хоногт дуудаж 10 цаг байцаасан гэх юм. Юун тухай байцаалт өгсөн бэ. “Стандарт” банкнаас авсан “Эрдэнэт”-ийн зээл, Оюутолгойн гэрээ, оффшорын асуудлаар байх гэж олон нийт тааж байгаа…?

-Арван цаг байцаасан, олон нийт таасан… Яриа маань таавар таахаас эхлэх гээд байна. Одесс хотын ийм нэг яриа байдаг, чи дуулсан уу? “Олноор таасныг хоёрт хуваа” гэж.  АТГ-аас намайг дуудсан, би очсон. Тэд асуусан, би хариулсан. Асуудал олон байсан учраас удсан, гэхдээ арван цаг болоогүй.

-Арван цаг гэж таагаагүй байж болно. Байцаалтын сэдвийг бол таасан уу?

-Хуулийн байгууллагын өмнө би үнэн зөв хариулах үүрэгтэй. Харин тэнд ярьснаа энд дэлгээд суух үүрэг бүү хэл, эрх нь надад байхгүй. Хуулиар хориотой юм. Хориотой зүйл дээр цаг алдах хэрэг байна уу, хоёулаа.

-Ядаж ерөнхийд нь тодруулж болох уу. Та сэжигтэн, гэрчийн алинаар нь байцаалт өгсөн, ахиж байцаалт өгөх үү. Хамгийн сүүлд таныг прокуророос яллагдагчаар татсан гэх юм, үнэн эсэх гээд…?

-Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Яллагдагчаар татлаа гэж дуулаагүй. Шаардлагатай гэж үзвэл дахиж дуудна. Би хэзээд бэлэн.

-“Эрдэнэт”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалснаас болж тус үйлдвэр 109 сая долларын төлбөр төлөх Арбитрын шийдвэр гарсан. Хүү, торгуульд нь өдөрт  75 сая төгрөг төлж байгаа сэдэв одоо олны анхаарлын төвд байна. Үүнийг та хэрхэн, яаж хүлээн авч байгаа вэ. Энэ асуудлаас улбаалж УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдэгдлийн хариуд та түүнийг шүүхэд өгнө гэсэн утгатай ил захидал бичсэн. Та шүүхэд хандсан уу?

-За хө, нэг дор бөөн асуулт явж байна. Жаахан дэс дараатай, ялгаа заагтай ярья. Нэгд, “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан, үүнээс болж үйлдвэр олон сая долларын төлбөрт унасан асуудал анхаарлын төвд байгаа, байх ч ёстой.  Тэрнээс биш, Ж.Батзандан гишүүнийг би шүүхэд өгсөн эсэх асуудал олны анхаарлыг татахгүй байх аа. Хоёрт, энэ үйл явдлыг хэрхэн, яаж хүлээн авч байна вэ гэж надаас асуулаа. Мэдээжийн хэрэг, манай улсын хамгийн том үйлдвэр их хэмжээний өр төлбөрт унах нөхцөл бүрдсэн нь маш муу явдал. Гуравт, маш муу энэ явдлыг надтай шууд холбож гэмт хэрэгтэн мэтээр Ж.Батзандан намайг гүтгэсэн. Би гэмт хэрэг үнэхээр үйлдсэн бол хуулийн хариуцлагаа хүлээнэ. Харин намайг гүтгэсэн бол Ж.Батзандан хариуцлагаа үүрэх ёстой учраас би шүүхэд хандсан байгаа.

- “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр ямар нэгэн байдлаар оролцсон байж болзошгүй гэх яриа  бол эртнээс гарсан. Гэтэл та одоо, Ж.Батзандан гишүүнийг мэдэгдэл хийхээр  шүүхэд хандаж байгаа нь ямар учиртай юм бэ. Өмнө нь хандаж үнэнээ тогтоолгож болоогүй юм уу?     

-“Оролцсон байж болзошгүй” гэж чи оноод хэлчихлээ. Ийм утгатай яриа гараад удсаан, удсан. Гараад ч юу байх вэ, зориуд гаргаад байсан. Хэн, ямар зорилгоор гаргаад байсан нь жич асуудал. Гэхдээ олон жил ийм яриа гаргахдаа намайг арай ч шууд гүтгэж байсангүй.  “Болзошгүй” гэх яриаг шүүхэд өгөх аргагүй. Харин сая бол намайг шууд л өчиггүй яллаж байх юм. Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын баталгаа гаргаж “Стандарт” банкнаас зээл авах, бусадтай хамтарч хулгай хийх, мөнгө угаах гэмт хэрэгт намайг оролцсон гэж. Ийм мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн. Бүр УИХ-ын индэр ашиглан удаа дараа хийсэн. Тийм учраас тэр нөхрийг би шүүхэд өгсөн. Олны анхаарлын төвд байгаа энэ асуудлын үнэн мөнийг даруй олж, олон түмэнд дуулгах нь чухал. Эс тэгвээс “дайны хажуугаар дажин” гэгчээр энэ асуудлыг далимдуулан зарим нэг нь хувийнхаа пи-ар хийж амжих гээд байх шиг.     

-Би гишүүнийг өмөөрч байгаа юм биш шүү. Хэн ч хардах эрхтэй, Ж.Батзандан гишүүн тэдний нэг биш үү, эсвэл тэр хардах эрхгүй юү?

-Хардах эрх бол хэнд ч бий, харин гүтгэх эрх хэнд ч байхгүй. Тэгэх тусмаа УИХ-ын гишүүнд. Тэр бол хууль тогтоогч болохоос, хэрэг тогтоогч биш. Гэмт хэрэгтэн мөн эсэхийг тогтоодог цорын ганц газар нь шүүх. Монгол Улсын хуулиар тэгж заасан байдаг. Тийм учраас л шүүх дээр уулзъя гэж болзоонд урьж захидал илгээсэн  санаатай.

-Ж.Батзандан гишүүнд хандаж бичсэн таны захидал Цагаан сарын өмнө шуугиан тарьсан. Ёжтой ч бичсэн байна билээ. Харин захианы төгсгөл “эрлэгт уулзъя” гэж заналхийлсэн маягтай болсонд зарим хүн дургүйцсэн байх?

- Заналхийлсэн юм байхгүй ээ. Тэр захидал миний цүнхэнд, энэ байна. Захидлын төгсгөлийг нь унш даа, бас зай талбай, хэмжээ дамжаа нь болдог бол энэ ярилцлагадаа тэр хэсгийг нь зориуд оруулчихгүй юу.  

Ерөнхий сайд асан С.Баяраас УИХ-ын гишүүн Ж.Батзанданд бичсэн захидлын төсгөлд…

-“Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү” …гэжээ.

-Баримт түших нь зөв. Эрлэгийн үүдэнд биш, шүүхийн үүдэнд уулзъя гэсэн байгаа биз. Би зангадаг, занадаг хүн биш ээ. Тэгээд ч олны өмнө ил гарах захиандаа юу бичих, эс бичихээ би бас гадарлана. Заналхийлсэн гэж зарим хүн үзсэн гэж чи сая хэллээ. Нэр, хаяггүй элдэв юм эргэлзээтэй байдаг. Сүүлийн үед “зарим хүн, зарим судлаачид, зарим ажиглагчид ингэж үзэж байна, тэгж дүгнэж байна” гэж ярьж, бичих нь олширч. Заримдаа бүр “Монголын ард түмэн ингэж үзэж байна” гэж ирээд л, тухайлсан судалгаа, санал асуулгыг бүх ард түмний дунд явуулчихсан юм шиг ярихыг нь яана. Санаа зовмоор. За тэр ч яах вэ. “Юу хэлэх нь миний явдал, яаж ойлгох нь чиний явдал” гэдэг. Эрлэг гэдэг маань төрөх үхэхтэй, нүгэл буянтай холбоотой эртний ойлголт. Төрсөн нь үнэн бол, үхэх маань үнэн. Тэр цагт нүгэл, буянаа дэнслүүлэх нь ч бас үнэн. Үүнийг хэнбугай ч санаж явах ёстой. Өөр нэг асуудал байна. Эр хүн хэлсэндээ эзэн байх ёстой. Хэлсэн үгээ хариуцах цаг нь тулахаар тэр үгнээсээ буцаж булзаад л, өөр сэдвийн сэжүүр атгаж тавиад байх хэрэггүй. Ондоо сэдэв байгаа бол тэрнийгээ тавьсан шиг тавь. Харин олон сэдэв хооронд нь хутгаж бантан болгох хэрэггүй. Би тэр тухай л монгол ардынхаа үлгэр сануулж байгаад хэлсэн санаатай. Ил захианы төгсгөл жаахан уянгын халилтай болсон байж магадгүй ээ. Гэхдээ албан тоот биш, амин хувийн захиа юм чинь уянгын халил орж болно биз дээ.   

-Захидлын хариуд Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийж, энэ асуудлаар таныг оролцуулсан парламентын нээлттэй хэлэлцүүлэг хийнэ гэсэн. Тийм хэлэлцүүлэг хийвэл  та оролцох уу?

- Би Ж.Батзанданг шүүх дээр уулзъя гэж урьсан. Харин Ж.Батзандан намайг юун хэлэлцүүлэгт уриад байгааг ойлгоогүй. Намайг гэмт хэрэг хийсэн эсэхийг нийтээр хэлэлцэж тогтоох гээд байгаа юм уу. Би уг нь хуульч мэргэжилтэй хүн. Ж.Батзандан гишүүн бас хуульч гэсэн. “Парламентын нээлттэй хэлэлцүүлэг” гэж юу байдаг тухай хуулийн ангийн хоёрдугаар курст заадаг. Тэр хичээл дээр “Төрийн дотоод, гадаад бодлогын онцгой чухал асуудлыг албан тушаалтан, эрдэмтэн судлаач, олон нийтийн төлөөлөл оролцуулан парламентын бүтцийн байгууллагаар хэлэлцэх зохион байгуулалтын хэлбэрийг парламентын нээлттэй хэлэлцүүлэг гэнэ” гэсэн байдаг. Тэр “онцгой чухал асуудал” гэдэгт нь хуулийн төсөл болон олон улсын гэрээ, улсын төсөв ба түүний гүйцэтгэл зэрэг асуудал багтдаг. Манай улсын хуулийн сургуульд ингэж заадаг.  Аль нэг оюутнаас сурах бичгийг нь түр зээлж аваад харчихаж болно л доо.

-“Эрдэнэт”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан хэргээс гадна, оффшор данс, Америкт буй долоон хаус, Оюутолгойн гэрээ зэрэг асуудлаар тантай нээлттэй ярилцъя гээд байгаа юм биш үү?

-Элдэв олон сэдэв хутгаж бантан зуурах тухай миний сая хэлснийг баталж байгаа юм шиг инээдтэй юм. Ж.Батзандан гишүүн намайг гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа бол үүнийг хууль хяналтын байгууллага мөрдөж шалгаад, шүүх эцэслэн тогтоох ёстой. Тэрнээс биш, нийтийн хэлэлцүүлгээр үүнийг нотлох, эсвэл няцаах боломжгүй. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гээд гурван огт өөр чиг үүрэг бий. Төрийн байгууллагуудын эрх, үүргийн хуваарь гэж оюутанд заадаг өөр нэгэн хичээл бий. Уучлаарай, мэдээжийн ийм юм нурших болсондоо хүлцэл өчиж байна. Ер нь бол ямар ч сэдвээр ярилцаж, санал солилцож, мэтгэлцэж болно. Гэхдээ ийм яриа, мэтгэлцээний хуулийн формат, дүрэм журам нь тодорхой баймаар байна. Нөгөөтэйгүүр, эхлээд нэг сэдвээ нэг тийш болгоод, дараагийнхаа сэдэвтээ ордог баймаар юм.  

-Би сэдэв холих гээгүй шүү, ярилцлагын энэ хэсэгтэй холбоотой учраас асууя. Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд таны долоон хаустай холбогдох тодорхой асуудлаар  АНУ-д яваад ирснээ, америкчууд тусална гэж мэдэгдсэн тухай ярилцлага өгсөн байсан. Энэ мэдээллийг та хэрхэн хүлээн авч байгаа вэ, АНУ-ын хуулийн байгууллага таныг болон танай гэр бүлийн санхүү, орлогыг шалгах, тантай холбоотой мэдээллийг Монголд өгөх боломж бий юү?     

--Би тэр тухай сонсоогүй юм байна. АНУ-д байгаа гэх долоон байшингийн тухай би олон удаа ярьсан. Ярилцлага болгоноор л надаас асуудаг. Би хариулдаг. Шинээр нэмж хэлэх зүйл надад алга. З.Энхболд даргадаа талархаж байна. АНУ руу амин чухал асуудлаар явжээ.  Одоо энэ бүх юмны учир нь олдох биз. Ашгүй дээ.

-Хаусны тухайд Оюутолгойн гэрээнээс үүдэлтэй хардлага яваад байх шиг байдаг. Гэтэл та хуулийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа  учраас ярьж болохгүй гэх байх даа.

-Оюутолгойн талаар, түүнийг тойрсон элдэв хардлагын талаар  би хангалттай олон ярьсан. Тэдгээр хардлагыг одоо шалгаж байна. Гэхдээ одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Тиймээс зөвхөн Монголын талын хэдэн нөхдийг шалгахаас гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой. АНУ-д байгаа гэх миний хаусыг Америкийн талтай хамтраад шалгана гэдгийн жишгээр “Рио Тинто” компани байршдаг улс орных нь хууль хяналтын байгууллагатай хамтраад албан ёсоор шалгах ёстой. Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү хардлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд, аваагүй бол олон түмэнд зарлаад, төслийнхөө болон төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой.

-Нэмж асуухад, Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй болсон бол хар толгойгоороо хариуцна гэж нэг үг хэлсэн дээ. Та тэрэндээ одоо, цаашдаа ч эзэн байж чадах уу?  

- Хэлсэндээ эзэн байгаа учраас л элдвээр хэлүүлээд явж байгаа юм биш үү. Тэгэхдээ одоо муулж байгаа ч, ирээдүйд магтана гэдэгт би огт эргэлздэггүй. Гэрээнд ашгаа хуваах асуудал байгаа бол хоёр тал түүнийгээ нүүр нүүрээ харж суугаад янзалж, цэгцэлж болно. Татвар дээрээ маргаад байгаа бол үүнийг ч бас шийдэж болно. Гэрээгээр холбогдсон хоёр талын хооронд ашгаа хуваах асуудал байнга л гардаг. Хуваах ашиг гарч байгаа учраас тэр. Юутай ч бид, би том төсөл хөдөлгөж чадсан. Өөр ямар том төсөл хөдөлсөн юм бэ, чи нэрлэ дээ Отгоо? ХХ зуунд “Эрдэнэт”, XXI зуунд Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү. Оюутолгойн төсөл ашигтай, ашиггүй болсон талаар чи асууж байна. Ярилцлага болгондоо би энэ тухай тодорхой тоо, баримттай ярьдаг. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Энийг ашиг гэхгүй юм бол өөр юуг ашиг гэх вэ? Дашрамд хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм. Бодит юмыг бодитоор харах хэрэгтэй ш дээ.

Эх сурвалж: ITOIM.MN

Шинэ мэдээ