728 x 90

Трампын нууц амраг байсан бүсгүй олны анхаарлыг татаж байна

Трампын нууц амраг байсан бүсгүй олны анхаарлыг татаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай 2006 онд баячуудын гольфийн тэмцээний үеэр танилцаж, учир ургуулсан гэх бүсгүй бол порно киноны жүжигчин “салхи” Дэниэлс буюу Степани Клиффорд ажээ.

Дэниэлстэй учир ургуулж байх үедээ Трамп АНУ-ын одоогийн тэргүүн хатагтай Меланиятай гэрлэсэн байжээ. Тэр бол Мелания Трампын хүү Бэрроныг төрүүлээд удаагүй байсан үе гэнэ. Трамп тухайн үед өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгч болж, шаргал үст порно од өөрийг нь дуулианы эзэн болгоно гэж төсөөлөөгүй юм.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Трампын өмгөөлөгчөөр олон жил ажилласан Майкл Коэн Дэниэлст халааснаасаа 130,000 ам.доллар гарган өгч, Трамптай учир ургуулж байсан талаар хэнд ч ам нээхгүй байхыг хүсчээ.

2018 оны нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч порно одын амыг хамхихын тулд мөнгө өгсөн тухай мэдээлэл цацагдсаны дараа Дэниэлс олны анхаарлын төвд орсон юм.

Дэниэлс саяхан Америкийн ням гаригийн телевизийн '60 Minutes' нэртэй шоунд оролцохдоо Трампыг хэлсэн үгэндээ хүрээгүй хэмээн буруутгаж, шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.

ТАЙЧИГЧААС ПОРНО ОД БОЛСОН БҮСГҮЙ

Дэниэлс АНУ-ын Луизанад мэндэлжээ. Тэрбээр өсвөр насандаа тайчих үзүүлбэр үзүүлдэг байснаа удалгүй порно киноны бизнест хөл тавьсан байна. 2002 онд Дэниэлс Калифорнийн “Wicked Pictures” хэмээх порно киноны студийн гол дүрийн жүжигчин болсон байв.

Тэрбээр насанд хүрэгчдэд зориулсан киноны салбарт тоглосон дүр болон найруулагчийн бүтээлээр нэлээд хэдэн шагнал авч амжсан ажээ.

'40 настай онгон бүсгүй', 'Дур хүсэл' болон 'Цэнгэл эдэлсэн нь' зэрэг кинонд туслах дүр бүтээснээс гадна 2007 онд “Maroon 5” хамтлагийн 'Өглөөний дуудлага' дууны клипэнд тогложээ.

Дэниэлс гурван удаа гэрлэж байсан. Түүний одоогийн нөхөр нь порно киноны жүжигчин, найруулагч Брэндон Миллер ажээ. Миллертэй гэрлэхээс өмнө түүнийг өмнөх найз залуугаасаа хүүхэдтэй болсон тухай шар хэвлэлүүд мэдээлж байсан юм.

2012 онд шар хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр өөрийг нь ээж болоход тохирохгүй гэдэг хүмүүст хандаж, “Энэ бол олон нийт порно бизнест дургүй байдагтай холбоотойн нэг илрэл буюу хүмүүсийн айдас ” гэжээ.

УЛС ТӨРД ХҮЧЭЭ СОРИХЫГ ОРОЛДСОН НЬ

2009 онд Дэниэлс биеэ үнэлэгчтэй нэр холбогдсон Луизана мужийн Сенатор Дэвид Виттертэй өрсөлдөж, улс төрд хүчээ сорих талаар мэдэгдэж, шуугиан тарьж байсан юм.

Тэрбээр өөрийгөө улс төрийн ажилд тохирох хүн биш ч гэлээ Сенаторыг бодвол хавьгүй илүү хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч энэ явдлаас хойш удалгүй тэрбээр нөхөртэйгөө муудалцаж, хэрүүл, тэмцэл хийсэн хэргээр баривчлагдсан ажээ.

Ингэж Сенатад өрсөлдөх түүний бодол талаар болсон юм.

Гэвч 2018 онд тэрбээр АНУ-ын улс төрийн тавцанд дахин дуулиан шуугиантайгаар гарч ирсэн. Гэхдээ өмнө нь мэдэгдэж байснаас арай өөр байдлаар.

“Уолл Стрийт” сэтгүүлд түүнийг одоогоос арваад жилийн өмнө Дональд Трамптай учир ургуулж, бэлгийн харьцаанд орсон талаар ам нээхгүй байхын тулд 100,000 ам.доллар авсан тухай мэдээлсэн юм.

Өнгөрсөн сард 'Жимми Киммел' –ийн шоунд оролцохдоо тэрбээр Трампаас дуугүй байхын тулд мөнгө авсан тухай хариулахаас татгалзсан билээ. Трампын өмгөөлөгч Майкл Коэн ч бас түүнд мөнгө өгсөн гэдгээ үгүйсгэсэн.

Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард гарцаагүй байдалд орсон Майкл Коэн Дэниэлсийн амыг хамхихын тулд мөнгө төлсөн гэдгээ хүлээсэн билээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Хатагтай Клиффорд руу шилжүүлсэн мөнгөний гүйлгээнд Трампын байгууллага болон ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг гүйцэтгэсэн баг ямар ч хамаагүй. Хатагтай Клиффордод төлсөн мөнгө бол хууль ёсных.” гэжээ.

Трампыг эхлээд хамгаалж байсан тэрбээр сүүлд нь хүн болгоны сонирхож буй 2006 онд болсон явдлын талаар үнэнийг хэлэхээр шийдсэн билээ.

Тэрбээр “60 хором” телевизийн шоунд оролцохдоо 2011 онд түүнийг Лас Вегасын автомашины зогсоол дээр нэгэн үл таних эр Трамптай учир ургуулж байсан талаар ам нээхгүй байхыг анхааруулж, заналхийлсэн хэмээн ярьсан юм.

Эх сурвалж: NEWS.MN

Шинэ мэдээ