728 x 90

“Бидний тэмцэлд 30 мянган иргэн гарын үсгээ зурсан”

30 мянга гаруй иргэд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж гарын үсгээ зурсан талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын даргыг чөлөөлөх тэмцлийг дэмжиж байгаа  бодитой  30 мянга гаруй  иргэний гарын үсэг цугларсан. Энэхүү гарын үсгүүдийг УИХ-ын даргад өгнө. Мөн энэ долоо хоногт УИХ-ын даргыг огцруулах саналд УИХ-ын 40 гишүүн гарын үсгээ зурах үйл ажиллагаа өнөөдрөөс эрчимтэй явагдана. УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн хэрэгжих хугацаа баасан гаригт мөрдөгдөж эхэлнэ. УИХ-ын  дарга огцорсны дараа  юу өөрчлөгдөх вэ  гэж  өнөөдөр хүн бүхэн асууж байна. Тиймээс гэр хотхондоо иргэдийнхээ санал бодлыг таван чиглэлээр авч байна. УИХ-ын даргыг чөлөөлснөөр талбай дээрх эсэргүүцлийн суулт арга хэмжээ зогсоно. Бид нарын тэмцлийн эсрэг бүхэл бүтэн хэвлэлийн машин ажиллаж байгаа. Энэ бүхэнд бид эрс шийдэмгийн хариуг нь өгнө. Бид тавыг мөн дотроо хагаралдсан мэтээр ташаа  мэдээлэл асар ихээр гарч байна. Бид тав хамтдаа зангидсан гар шиг байгаа. Бид энэ удаад МАНАН-гийн эсрэг тэмцэж байгаа бол цаашид Монголынхоо ирээдүйн төлөө тэмцэх болно. Бидний  тэмцлийн үр дүнд Монголын төрд шударга үнэн тогтож эхэлж байна. Монголын ард түмэн баялагтайгаа болох цаг ойртож байна. Энэ долоо хоног Монголын төрд шийдвэрлэх өдрүүд байх болно. Бид энэхүү тэмцлийн төлөө ямар нэгэн ашиг сонирхол агуулаагүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

УИХ-ын даргыг огцор гэж 30 мянган иргэн 10 хоногийн хугацаанд  гарын үсгээ зурсан. Өдөрт 4-5 мянган иргэн гарын үсгээ  зурсан гэсэн үг. Бид энэ долоо хоногт мөн УИХ-ын 40 гишүүний гарын үсгийг цуглуулж УИХ-ын даргад өргөн барина. Ингэснээр МАНАН бүлэглэлийн толгойлогч  нурах эхлэл нь болно. МАНАН  бүлэглэлийнхэн бидний болон эх орончдын эсрэг элдэв гүтгэлэг явуулах нь тодорхой. Бид Монголын  ард түмэнтэйгээ хамт ямар ч гүтгэлэг, дайралтыг давж чадна. Биднийг доромжлох, гутаах тусам бид тэмцлээ улам  эрчимжүүлэх болно. Энэ долоо хоног ялалтын долоо хоног байх болно.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Монголын ард түмэн тайван хүмүүс. Аль дээр УИХ-ын дарга уначихсан мэт сэтгэлзүйтэй болжээ. Дараагийн УИХ-ын дарга хэн байх тухай нэрс тодорчээ. Яг л ингэж монголчууд алддаг. Энэ сэтгэлзүйг нь маш сайн мэддэг учир өрөвдүүлэх тактикууд явуулж эхэлдэг. Улмаар нийгмийн анхаарал суларч сэдэв нь  солигддог. Тийм учраас энэ долоо хоногт болох үйл явцад бид бүрэн итгэлтэй бус байгаа. Юу ч болж магадгүй. Нүд цавчилгүй харах долоо хоног байх болно. УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал баасан гаригт  шийдэгдэх ёстой.Цагаан сар дөхөж байна. Намрын чуулган завсарлах хугацаа  ч мөн ойртож байна. Магадгүй энэ бүхний цаана юу төлөвлөгдөж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа. Хууль батлагдсан нь сайн хэрэг. Өнөөдрөөс 40 гишүүний гарын үсгийг миний бие өөрийн бланк дээрээ цуглуулж эхэлнэ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болдоос “Богд” банктай холбоотой асуудлаар тодруулахад тэрбээр “Хэрвээ тухайн  мэдээлэл үнэн бол Засгийн газарт хариуцлага тооцох ёстой. Надад  ч мөн хариуцлага тооцох ёстой. Асуулт байгаа бол Ерөнхий сайдаас очиж асуу. Хэрвээ  үнэхээр ийм зүйл хийгдсэн бол гэмт хэрэг. Надаас биш гэмт хэргийг хийсэн хүмүүсээс нь хариугаа нэх” гэдэг хариултыг өгөв.

Шинэ мэдээ