728 x 90

БӨХИЙН ГАЛ: “Ховд”, “Хонгор нутаг” дэвжээнийхэн төрийн наадамдаа зодоглоход бэлэн болжээ

Монгол хүн уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулж, тавьсан сум нь салхи сөрөн исгэрэх энэ өдрүүдийг бүтэн жил хүлээдэг.

Нар хур тэгширсэн дэлгэр зун айлсаж, наадам эхлэх өдөр хаяанд ирлээ. Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр болоосой хэмээн хүсч, морьдын хурд, бөхчүүдийн бяр тэнхээ хэр байгааг монголчууд сонирхон сонждог. MEDEE.MN сайтын сурвалжлах баг Сүүж-Уул амралтад бэлтгэлээ базааж буй “Ховд” дэвжээ, “Хүч” спорт хорооны бөхчүүдийн галыг зорьсон юм. Дэнж нь алаг цэцэгсээр дүүрч, дэвссэн мэт ногоон зүлэгт хөндий биднийг угтсан. ЦЕГ-ын харьяа байгаль гойд сайхантай Сүүж-Уул амралтад “Хүч” спорт хорооныхноос гадна Өвөрхангай, Ховд, Баянхонгор, Хэнтий, Завхан аймгийн бөхчүүд болон “Аварга” клубын нийт 200 гаруй бөх бэлтгэл сургуулилтдаа гарч, бэлтгэл нь ч ерөнхийдөө хангагдаж, наадамдаа зодоглоход бэлэн болжээ.

 

Энэ жилийн наадмаар хэний хүү улсын төрийн баярын наадамд амжилт гаргаж, цолоо ахиулах бол хэмээн монголчууд сэтгэл догдлон хүлээж байна.

-БӨХЧҮҮД ГЭР БҮЛИЙНХНЭЭСЭЭ “ЦЭНЭГ” АВЧ, БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА-

Энэ жилийн хувьд бороо шороо багатай, бэлтгэл хийхэд нэн тохиромжтой өдрүүд үргэлжилж байгааг тэд хэлж байв. Бөх хүний бэлтгэл цаг хугацаатай нарийн дэгтэй байдаг. Биднийг 13.00 цагийн үед очиход бөхчүүд өдрийн хоолоо идээд амрах цаг нь эхлэх гэж байв. Бид Ховд дэвжээний бөхчүүдээ ахалж буй улсын харцага Н.Батзаяатай уулзахаар байрыг нь зорилоо.

Эмэгтэй хүнийг морины уяа, бөхийн галаар очиход таагүй ханддаг байсан цаг саяхан ч одоо өөр болжээ. Улсын харцага Н.Батзаяа болон аймаг сумын цолтой гурван бөх биднийг хүндэтгэн хүлээж авсан юм. Бөхчүүд үдээс хойш дөрвөн цагт бэлтгэлдээ гардаг юм байна. Тиймээс бэлтгэл эхлэхийг хүлээнгээ бөхчүүдтэй бөхийн ертөнцийн сонин хачин ярилцаж, тэр хавиар бөхчүүдийн амралтын байдлыг хэсэг сонирхов. Тэд наадмын бэлтгэлд гарахдаа гэр бүлтэйгээ хамтдаа амрангаа бэлтгэлээ хийдэг болжээ. Хүүхдүүд нь шуугилдаж тоглоод , эхнэрүүд нь хоол ундыг нь бэлдээд ажил амьдрал буцалсан сайхан мэдрэмж төрлөө.

Ховд нутгийн бөхчүүдийн бэлтгэл эхэллээ. Бөхчүүдийн бэлтгэл дэвээ шаваагаар эхэлж, хурдтай гүйх бэлтгэлээ тун ч чадмаг хийж байгаа харагдав. Хүч тамир нь бүрдсэн бөхчүүдийг гүйж байгааг хараад нэгэн бодол толгойд эргэлдэв. Давахгүй гэсэн даваагаа авчихаад сэтгэл нь баясаж гүйдэг бөхчүүдээ бид олон харсан. Энэ гүйлт яг л тэр мэдрэмжийг надад өглөө.

Тэд гурван цаг орчим тасралтгүй бэлтгэл хийдэг бөгөөд дунд нь аль болох амрах чөлөө өгөхгүйгээр хоорондоо барилдаж, хөлсөө гаргадаг аж. Түүнчлэн залуу бөхчүүддээ мэх зааж, хэрхэн яаж барилдах, угсраа мэх хэрхэн хийх талаар нь заавар зөвлөгөө өгч байх юм. Ёстой л нэг “Гарьд магнай” киноны хэсэг мэт санагдаж билээ.

Бөхчүүд дундаас Улсын заан Б.Пүрэвсайхан анхаарал татсан учрыг лав та гадарлаж байгаа байх. Биднийг сурвалжилга бэлтгэхээр очсон өдөр түүнийг барилдуулах эсэх нь тодорхой бус байсан учир бэлтгэлээ базаасан хэвээр л байлаа. Ай даа мөн ч тэнхээтэй байх юм. Зодоглосон бөх бүрээ давж байгааг харах сайхан ч барилдуулахгүй бол гэсэн бодол сэтгэл үймрүүлж харуусан сууснаа нуун юун.

2019.07.04-нд Улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нар энэ жилийн наадмаар барилдуулахгүй гэсэн шийдвэр гарлаа. Дараа жилийн наадам даанч хол байна гэж бид ярьдаг ч харвасан сум мэт өнгөрөх өдрүүд үргэлжилсээр. Нэг л өдөр та нар монгол наадмын дэвжээндээ дэвэн дэвсээр гарч ирж, их амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Шинэ мэдээ