728 x 90

Ч.Ундрахбаяр: Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цагийн ажилтнууд тусалдаг тогтолцоотой

-ӨМНӨ НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЗӨВХӨН ӨВЧТӨН ГЭЖ ҮЗДЭГ БАЙЛАА-

 

 

“Оюутан байхдаа гэмтэл авч, залуу хүний хувьд ид хийж бүтээх насан дээрээ тааз ширтээд хэвтэнэ гэхээр үнэхээр хэцүү санагдаж байлаа. Гэртээ сууж, нийгмийн халамж хүртээд ирэхээр “Чи өвчтэй хүн, халамж тэтгэмжээ аваад гэртээ л байж байх ёстой” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг юм билээ.

Сэтгэлзүйн хувьд яг ийм хүнд үеийг туулж байхдаа гэр бүлийнхнийхээ тусламжтайгаар сургуульд орж, төгссөнийхөө дараа Японд үргэлжлүүлэн сурахаар болсон. Тухайн үед Төв аймагт байдаг “Тахилт” сэргээн засах эмчилгээний төвд очиж өөртэйгээ адилхан гэмтэл бэртэлтэй залуустай уулзаж, бидэнд тулгардаг бэрхшээлийн талаар ярилцдаг байсан нь үзэл бодлоо шинэчилж, өөрийгөө ойлгоход том түлхэц болсон. Эндээс л би сурах хэрэгтэй, өөрийгөө аваад явах ёстой юм байна гэсэн бодлыг тээж эхэлсэн.

Харь оронд суралцаж байхад “Хөгжлийн бэрхшээл гэдэг бол ердөө л нийгмийн зүгээс өгсөн тодорхойлолт, үг” гэдгийг ойлгож, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдрах эрхийг Монголдоо бий болгоё гэж шийдээд 2010 онд ТББ-аа байгуулж байсан.” хэмээн олон олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрэл, итгэл болж яваа нэгэн залуу ярьж байна. “Түгээмэл хөгжил” төвийн тэргүүн Ч.Ундрахбаяртай ярилцсанаа хүргэж байна.

-ӨМНӨ НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЗӨВХӨН ӨВЧТӨН ГЭЖ ҮЗДЭГ БАЙЛАА-

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын хурал манай улсад болох гэж байна гэж сонслоо. Хурлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ази Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дөрөвдүгээр конгресс энэ жил манай улсад болох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд тулгуурлан хөгжүүлэх гэдэг үзэл хандлагад тулгуурласан олон улсын хурал юм. Монголын Засгийн газар зохион байгуулагчаар орж байгаа гэдэг утгаараа нэлээн ач холбогдол өгч байгаа юм шиг байна. Энэ хурал айхтар ач холбогдолтой гэхээсээ илүү туршлага солилцох гэдэг утгаараа болж байгаа. Азийн улсуудын төлөөлөл ирэх учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцоог яаж бий болгосон, түүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо ямар байсан гэдгийг улс улс туршлагаа танилцуулж, тэндээс бид судлах юм.

-Хурлын үр дүн юу байх вэ?

-Сүүлийн үед Монгол Улсын засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн бодлого, үйл ажиллагаа нэлээд өргөжиж байна. Тиймээс бусад улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тогтолцооноос туршлага судлаад хэрэгжүүлээсэй. Хурал болоод дуусна. Дараа нь үлдэх юм нь энэ хуралд зориулж хийсэн бэлтгэл, хүртээмж, ойлголт хандлага юм. Шангриллад хоёр өдөр болох хуралд гадны зочид 10-аад буудалд бууж байна. Зочид буудлаасаа хурал болох Шангрилла руу чиглэх замыг янз бүрийн бэрхшээлтэй хүмүүс явахад зориулж өөрчилж эхэлж байна. Энэ мэт бидэнд үлдэцтэй зүйл хийж эхэлж байгаагаа цаашид улам дэлгэрүүлээд өөр олон замуудад хийгээ яваасай гэж хүсч байна. Миний бодлоор энэ зам хамгийн үлдэцтэй үр дүн юм болов уу.

-Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байгаа гэж та боддог вэ?

-Засгийн газар өөрийн эрхгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал рүү гүн орж байна. Өмнө нь хөгжлийн бэхршээлтэй иргэдийн асуудлыг эмнэлгийн замаар буюу биднийг зөвхөн өвчтөн гэж үздэг байлаа. Нийгмийн оролцоог нь нэмэхийн тулд ихэвчлэн эмнэлгийн хэлбэрийн арга барилаар эдгээх, анагаах, сэргээх гэдэг утгаараа бодлого барьдаг байсан. Харин миний ажил хийх, сургуульд сурах, өдөр тутмын нийгэм, соёлын амьдралд оролцох асуудал хаягдчихдаг. Одоо дэлхийн олон улсын гэрээ конвенцуудад Монгол Улс нэгдчихсэн болохоор түүнийгээ дагаад хандлага, үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүд өөрчлөгдөж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгуулагуудын идэвхижил өмнөхөөсөө их нээгдэж байгаа. Тиймээс эмнэлгийн замаар биш нийгмийн замаар, өвчтөн биш хүн гэдэг утгаар нь харж эхэлж байна. Үүнд суурилсан олон олон хууль эрх зүйн орчин бүрдэж эхэлж байгаа.

-Хууль эрхзүйн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хамгаалаад байдаг. Яг тэр хуулиа хэрэгжүүлж, бодит болгож байгаа нь хэр юм бол?

-Хамгийн том асуудал нь тэр. Монгол Улс бодлого шийдвэр, хууль эрх зүйгээрээ мууд орохгүй. Магадгүй ижил түвшний Азийн улс орнуудтай харьцуулахад заримаас нь илүү ч байж мэднэ. Харин цаасан дээрх хууль амьдрал дээр буух нь асуудалтай. Санхүүжилтийн хувьд, хэрэгжүүлэх төрийн албаныхны үзэл хандлага ойлголт гээд асуудлууд байна. Өмнө нь хууль, бодлого бий болгоод өгөөч гэдэг байсан бол одоо түүнийгээ хэрэгжүүлээч гэдэг асуудал их хөндөгддөг болсон.

-ЯПОНД БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЦАГИЙН АЖИЛТАН ТУСАЛДАГ ТОГТОЛЦООТОЙ-

-Дэлхийн бусад улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудалд хэр анхаарч байна. Бидэнд тэдэнтэй адил боломж олгож өгөөч гэж хүсэх бодит кейс та хэлэхгүй юу?

-Ярьвал олон зүйл ярина. Хоёр зүйлийг онцолъё. Нэгдүгээрт хүртээмж гэдэг асуудал улиг болчихлоо. Улиг болсон ч ярихгүй бол болохгүй асуудал. Хуулиараа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг их сургуульд сурч болно гээд байна. Гэтэл би тэр сургуульд сурахын тулд гэрээсээ гарах хэрэгтэй, нийтийн тээвэрт суугаад сургууль дээр очино. Очоод хүн юм чинь физиологийн асуудлаа шийдэхийн тулд ариун цэврийн өрөө орно, хаалга үүд гээд маш олон зүйл хөндөгддөг. Зөвхөн үнэгүй сурах нь чухал биш юм байна. Өнөөдөр Монголд тэргэнцэртэй хүн явах автобус 1000 автобус тутмын 20 л байна. Энэ автобус нь зөвхөн нэг шугамд явдаг гээд ярих юм бол хүртээмжийн асуудлыг үнэхээр хөндөхгүй бол болохгүй.

Хоёрдугаарт бие даан амьдрах гэдэг зүйл. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрамжийн төвд ч юм уу тусгай сургуульд, цэцэрлэгээр нийгэмшүүлэх асуудал шийддэг байсан. Монгол Улс одоо ч тийм. Харин дэлхийн томоохон улсууд тусгаарлах, асрамжийн байдлаар тусгаарлахыг эдийн засгийн алдалгдалтай, хүний хөгжлийн хувьд хохиролтой, гэр бүлд нь сөрөг нөлөөтэй гэж үздэг болсон. Японд гэхэд иргэдээ заавал тусгаарахгүйгээр байгаа газартаа амьдарч болно. Харин тусгаарлахад зориулж байсан зардлыг байгаа газартаа амьдрахад нь зориулж байна. Жишээ нь үүнийг хийхийн тулд хувийн туслах гээд шинэ ажлын байр гаргаад ирж байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харж хандах нь гэр бүлийн үүрэг болчихдог. Манай гэр бүлийнхэн намайг асарсан гэж улсаас сард 70 мянган төгрөг авч байна. 70 мянгаар яаж амьдрах вэ. Намайг асрах гэж гэр бүлийн аль нэг гишүүн ажил хийхгүй гэрт суух хэрэгтэй болдог. Японд бол энэ гэр бүлийнх нь үүрэг биш. Бүгд ажил төрлөө хийгээд явж байна. Харин дэмжлэг шаардлагатай тэр хүнд зориулж цагийн ажил хийх сонирхолтой хүмүүсийг бэлтгээд туслуулдаг. Маш амархан, асуудлыг эерэгээр шийдсэн тогтолцоо. Иймэрхүү маш олон арга барил байна. Бид энэ байдлаар таавн жилийн турш загвар төсөл хийж байна.

-Хөгжийн бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахтай болгож туршиж байгаа гэсэн үг үү?

-Тийм. Маш хүнд хэлбэрийн гэмтэлтэй дөрөв, таван залууг сонгосон. Тэд гэмтлээсээ шалтгаалаад өөрсдөө ямар ч үйлдэл хийх боломжгүй болчихсон. Гэхдээ тэд гэр бүлээсээ тусдаа амьдраад чадахгүй зүйлээ цагийн ажилтнуудаас дэмжлэг аваад ажил хийж байна, нийгмийн амьдралд оролцож байна. Тэр битгий хэл гадаад дотоодын олон улсын байгуулагын ажлыг гүйцэтгэж байна. Хүнийг зүгээр л гэртээ хэвт гэх үү дэмжлэгийг нь өгөөд эргээд жирийн хүмүүстэй адил нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үү гэдгийг Засгийн газраас ажил хэрэг болгож шийдвэрлэмээр байна. Манай байгууллагын үндсэн зорилго бол дээр ярьсан бие даан амьдрах тогтолцоо. Энэ тогтолцоо бий болчихвол олон асуудал шийдэгдэх гээд байгаа юм. Гэр бүлийн ачаалыг хөнгөлж, хувь хүний хөгжлийг гаргаж ирнэ. Нөгөө талаар цагийн ажил хийх боломжтой шинэ ажлын байрууд бий болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгмийн хандлага хамгийн чухал юм шиг санагддаг?

-Бидний хувьд хууль эрх зүй, эдийн засаг хүчтэй байхаас илүү нийгмийн хандлага хамгийн хүчтэй. Манайд барилга байгууламж бүрийн үүдэнд налуу зам байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд явахад хүндрэлтэй, бараг тэрэгтэйгээ явах боломжгүй эгц налуу хийсэн байдаг. Билэгдлийн шинжтэй гулсуур шиг. Энэ нь ойлголтгүй байна гэсэн үг. Хийж байгаа хүн нь хэнд зориулж, яах гэж хийж байгаагаа мэдэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтгүйгээс л тэр.

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, БЭРХШЭЭЛГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХАМТАД НЬ СУРГАДАГ БОЛОХ НЬ МАШ ЧУХАЛ-

-Таны хувьд хэзээ, юуны учир хөгжлийн бэрхшээлтэй болсон бэ?

-Би оюутан байхдаа осолд ороод тэргэнцэр дээр суусан. Түүнээс хойш 20-иод жил болсон байна. Эмчилгээний алдаанаас ийм болсон гэдэг. Гэхдээ би 20 жилийн дараа үнд нэг их харамсдаггүй. Нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал. Харин одоо нэгэнт би босч хөл дээрээ явахгүй нь ойлгомжтой учраас яавал тэргэнцэртэй ч гэсэн бусад хүмүүстэй адил амьдралд оролцох юм бэ, тэгэхийн тулд нийгэм ямар байх ёстой вэ гэж, би өөрөө яаж хичээх ёстой вэ гэж л боддог болсон. Хөгжлийн бэрхшээл гэдэг бол тийм хэцүү зүйл биш. Хүнд хоорондын ялгаатай байдал л юм байна. Миний хувьд сэтгэл санаа хэцүү үе, гутрах үе гээд бусадтайгаа л адилхан. Хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа мэдээж цочирдох, дараа нь яаж амьдрах юм бэ гэж санаа сэтгэлээр унах юм байлгүй яахав. Энэ бүхнийг гэр бүлийнхний дэмжлэг, ижил бэрхшээлтэй хүмүүсийн урмаар давж гардаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүгээрээ түрий бариад амьдрах юм бол зөвхөн халамжийн хүн болчихно.Би бусад хүнээс ялгаатай нь тэргэнцэртэйгээр л нийгмийн амьдралд оролцдог. Тийм учраас л сүүлийн хэдэн жил ТББ байгуулж, нийгмийн амьдралд идэхитэй оролцож, дуугарч яваа.

-Хөгжлийн бэрхшээлтэй гээд ялгаад, боловсрол олгохдоо хүртэл тусад нь сургадаг нь хэр зөв тогтолцоо вэ?

-Бусдын адил хөгжиж, нийгэмшихийн тулд тэр хүнд боловсрол маш чухал. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зургаан тусгай сургуулиар нийгэмшүүлж байна. Үүнийг айхтар буруу зүйл гэж хэлэхгүй ч гэсэн алдаатай зүйл байна. Баахан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нэг дор сурснаас хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс дунд холилдоод суралцах нь аль аль талдаа эерэг. Хөгжлийн бэрхшээлтэй нь бусадтай адил хөгжинө. Хөгжлийн бэрхшээлгүй нь багаасаа бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг ойлгож эхэлнэ. Үүнийг тэгш хамруулах боловсрол гээд байгаа юм. Монголд одоо л ярьж эхэлж байгаа.

-Та хөгжлийн бэрхшээлтэй болсныхоо дараа хоёр ч их дээд сургууль төгссөн юм байна. Тухайн үед ямар бэрхшээл тулгарч байв?

-Би гэмтсэнийнхээ дараа хоёр сургуульд сурч төгссөн. Багшийн их сургуульд Япон хэлний багш орчуулагчаар, мөн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Намайг сурч байх үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөн идэвхитэй байгаагүй учраас хэцүү байсан. Сургууль дээр очно гэдэг хамгийн их зардалтай. Хаашаа ч гарсан заавал хүнтэй явна. Заавал таксинд мөнгө үрнэ. Ирчихээд нольд орж чадахгүй. Тийм учраас бие засахаа хорихын тулд сургуульд ирэхийн өмнө ууж идэхгүй байх хэрэгтэй болдог. Энэ бүхэн гэр бүлд их ачаалалтай байдаг. Одоо бүх зүйл сайхан болчихоогүй ч гэсэн нэг үеэ бодоход арай өөр болж байгаа. Миний нэг өдөр маш завгүй өнгөрдөг. Заримдаа гэртээ их оройтож орно. Гэр бүлдээ зарцуулах цаг бага байна. Бидний зориод байгаа тогтолцоо Монголдоо шинэ учраас эхнээс нь зөв зохион байгуулалттай хэрэгжүүлэхийн тулд одоо л бид сайн ажиллах хэрэгтэй байна.

Шинэ мэдээ