728 x 90

Н.АЛТАНХУЯГ: ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ НЭР ДЭВШИХ ЭРХИЙГ НЬ ХААЖ БАЙГААД СОНГУУЛЬ ХИЙДЭГ МУУХАЙ НИЙГЭМ РҮҮ ЯВЖ БАЙНА

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2021.04.20/  хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Үнсдэн хуулийн Цэцээс өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан хүмүүс дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчинө гэдэг агуулга бүхий дүгнэлт гаргасан. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэлэв.

Тэрбээр “Муухай л юм болж байна даа. Монгол Улсад хууль, дүрэм мөрдөхөө больж, хүчээр түрий барьдаг, олон нийтэд хуулийн дагуу ажиллаж байгаа мэтээр харуулдаг, ярьдаг хэр нь амьдрал дээр хүчинддэг улсууд боллоо энэ 62. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг  баталж байхдаа  та нар өмнө нь  Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс   дахин дэвшиж болно гээд байсан. Гэтэл  одоо Үндсэн хуулийн Цэц ингээд шийдчихлээ гэж байна. Та нар үргэлж буруугаа бусад руу чихдэг. Бусдын гараар могой бариулдаг. Энэ бол ямар нэгэн Цэцийн биш цэвэр МАН-ын хийсэн ажил.

Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан үргэлжилж байхад нэг гишүүнийг татаж, Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг нь өөрчилж байгаад одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болгох дүгнэлт гаргуулсан. МАН-аас У.Хүрэлсүх нь нэр дэвших гэж байна.  Нэг хүний хүслийг дагаж Монгол Улсын бүх хууль тогтоомж нь намирч унадаг ямар гээчийн нийгэм рүү бид явж байна вэ. Та нар Цэцийн дүгнэлтийг шуурхай хэлэлцэж хүссэн шийдвэрээ гаргах юм байна. Х.Баттулгыгаа дарж аваад, У.Хүрэлсүх гэдэг Ерөнхийлөгчтэй болоод амар сайхандаа жаргах нь л дээ. Тэгвэл өрсөлдөөн, сонгууль явуулах хэрэг байна уу. Өрсөлдөгчийнхөө нэр дэвших эрхийг нь хааж байгаад сонгууль хийдэг ямар муухай нийгэм рүү  явж байна вэ та нар. Олон түмэн нүд, чихтэй харж байгаа шүү. Ерөнхийлөгч Х.Баттулга  яах гэж та нартай нийлж Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан юм. Өөрийнх нь нэр дэвших эрх нь нээлттэй байсан учраас л гарын үсэг зурсан байж таарна. Гэтэл У.Хүрэлсүх гэдэг хүн нь  муудалцангуут аа бүх хуулийг өөрчлүүлж байна” гэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг  УИХ хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооны энэхүү санал дүгнэлтийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.  Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцэж дэмжвэл шийдвэр хүчин төгөлдөр болох ажээ.

#МонголынМэдээСонин 2021 оны дөрөвдүгээр сарын 21. Лхагва. №050 (5455)

Шинэ мэдээ