728 x 90

АВАХ ВАКЦИНЫХАА ҮНИЙГ ОДОО ХҮРТЭЛ ТӨЛӨӨГҮЙ БАЙГАА ЮУ

Хөл хорионы үеэр дархлаажуулалтдаа хамрагдана гэсэн иргэдийн хүлээлт талаар болсон.

Хоёрдугаар тун вакцинаа хугацаанд нь хийлгэж чадаагүй иргэд төр засгийн шийдвэрийг хүлээсээр сууна. Мэдээж эрх мэдэлтэй, танил тал сайтай хүмүүс нь цаг алдалгүй вакцинаа хийлгэчихсэн байж таараа. Энгийн иргэдийн тухайд "Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэгч л болж байна. Энэ байдал цаашид ч хэвээр үргэлжлэх бололтой. Засгийн газар ирэх долоо хоногоос Синофарм вакцины хоёрдугаар тунгийн вакцинжуулалт эхэлнэ, одоогоор 14.1 сая тун вакцины 11 төрлийн гэрээ хийгдэж байгаа хэмээн мэдэгдээд байсан. Гэсэн ч Засгийн газар вакцин авах гэрээ хэлцлүүдээ эцэслэн шийдэж, үнэ хөлсөө ч төлөөгүй бололтой юм. Энэ талаараа Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр л ярилцаж, вакцин худалдан авах төсвөө хаанаас, хэрхэн гаргах вэ гэдгээ шийдэх юм байна.

Энэ нь ч үнэний ортойдог. Саяхан Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзжээ. Талууд уулзалтаар ОХУ-аас “Спутник-V” вакцины нэг сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар хэлэлцэн, санал солилцож. Энэ үеэр Элчин сайд И.К.Азизов "Гэрээ хэлэлцээрийн хүрээнд вакцин татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно" гэдгээ мэдэгдсэн байна. Товчхондоо талууд вакцин авах тухай санал л солилцож, манай талын санал хүсэлтийг цааш уламжлах тухайгаа л Элчин сайд илэрхийлсэн байгаа юм. Ямар ч зүйл тодорхой шийдэгдээгүй, зөвхөн санал солилцох, хэлэлцээ хийх шатандаа яваа гэдэг нь энэ уулзалтаар түвэггүй харагдаж байна. Зах дээр гучин жил зогссон монголчууд үнийг нь төлөөгүй бол наймаа бүтдэггүй гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Хоёр жил вакцин яриад одоо хүртэл мөнгө нь шийдэгдээгүй байгааг юу гэж ойлгох вэ. Бид ямар хүмүүсээр удирдуулаад байна вэ гэдгээ бодож үзэх цаг ирсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Шинэ мэдээ