728 x 90

Р.Гончигдорж: Цэц УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл рүү халдах боломжгүй

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Зарим иргэдээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж Үндсэн хуульд байгааг бичээгүй нь Үндсэн хууль зөрчлөө гэх мэдээллийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргалаа. Энэ талаар таны байр суурийг тодруулмаар байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 3.1.2, 5.4 гэсэн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн Хуулийн Цэц дүгнэжээ. Тухайн заалтуудыг дэлгэрүүлж харвал, 3.1.2-т “ “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” ойлгоно гээд, 5.4-т “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид сонгогдох эрхтэй” гэж томьёолжээ.

ҮХЦ дүгнэлтдээ эдгээр заалтаас тодорхой хэсгүүдийг нь түдгэлзүүлснээр 3.1.2-т “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг” ойлгоно гэж, 5.4-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн томьёололтой болж байгаа юм.

-Тэгвэл зөвхөн нэг удаа сонгогдоно гэсэн үг нь ороогүй юм байна шүү дээ.

-Тийм. Ингэж хуульд нэмэх тухай шийдвэр Үндсэн хуулийн Цэцээс гарах боломжгүй. Хэрэв тэгвэл Үндсэн хуулийн Цэц УИХ-ын хууль тогтоох эрхэд халдсан буюу Цэц хууль тогтоогч болж Үндсэн хуулиа зөрчих болно. Цэцийн эцсийн шийдвэр гарвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 болон 5.4 дэх хэсгүүд дээрх томьёололтой л болно. УИХ ямар нэг өөрчлөлт, нэмэлт оруулах шаардлагагүй бөгөөд түдгэлзүүлсэн хэсгүүд хасагдах нь редакцийн шинж чанартай өөрчлөлт юм. Учир нь дээрх заалтууд дахь Монгол Улсын Үндсэн хууль гэсэн эшлэлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага нь багтаж байгаа юм.

-Цэц тэгвэл тэр заалтуудыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн юм байна гэж ойлголоо.

-Энд л гол зөрчилт байдал (парадокс) байгаа юм.

Цэц мэдээлэл гаргагчдын хуульд оруулахыг хүссэн “зөвхөн нэг удаа сонгогдоно”гэдгийг оруул гэвэл УИХ-ын хууль тогтоох эрхийг булаачих гээд тэгж болохгүй болохоор дээрх редакцийг л хийхийг шаардсан дүгнэлт гаргахаас өөр аргагүй болчихоод байгаа юм.

-Яагаад ийм парадокс үүсчихсэн юм бэ?

-Ерөнхийлөгчийн сон-гуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн зохих заалтыг эшилсэн болохоор энэ хуулиас Ерөнхийлөгч байсан, байгаа хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох эсэх талаар хариулт гарахгүй. Нөгөө талаас дээд шүүх хуульд тайлбар хийдгийн адил манай Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд шууд тайлбар хийдэггүй, зөвхөн маргаан шийдвэрлэх замаар Үндсэн хуульд нийцээгүй, зөрчилдсөн хуулийн заалт, хэсгийг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгодог. Товчхон хэлбэл, уг асуудлыг шийдэх маргааны объект нь сонгуулийн хууль биш болохоор л тэр.

-Ерөнхийлөгч байсан, байгаа иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж шийдэгдээгүй гэсэн үг үү?

-Цэцийн дүгнэлтийн түвшинд энэ асуудал шийдэгдээгүй, УИХ ч шийдэх үүрэг Цэцээс хүлээгээгүй, бас тийм нэмэлт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулах боломжгүй. Учир нь энэ хуулийн 81.1-ээр энэ хуульд нэмэлт оруулахыг хориглосон. Харин мэдээлэл гаргагчдын “барьцаад” байгаа үгүүдийг хуулийн заалтуудаас хасаж байгаа нь ҮХЦ-ийн эрх мэдлийн асуудал юм.

-Тэгээд шийдэгдэх боломжгүй юм уу?

-Аль нэг УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгч байсан, эсвэл байгаа иргэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандахад түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн, эсвэл бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан үед уг маргаан үүснэ. Гаргасан маргааныг Үндсэн хуулийн 66.2.2-оор Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэнэ. Ингэж л шийдэгдэнэ.

-Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэг. Цэцэд гаргасан гомдол тань юу болж байгаа вэ?

-Хүлээгээд л байна. Нэгдүгээр сарын 29-нөөс хойш Цэцийн саяны асуудалд гаргасан дүгнэлтийн үндэслэх хэсэг дотор Үндсэн хуулийн 30.2 дахь “Ерөнхийлөгчөөр...иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “зөвхөн нэг удаа сонгоно” гэж салгаж авч үзсэн байна лээ. Тэгэхээр “зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэдэг нь мөн салгагдаж буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэл тэнд харагдаж байна. Одоогийн улс төрийн хурцадмал байдал, цар тахал өргөн тархаж байгаа энэ үед Үндсэн хуулийн Цэц миний гомдол, мэдээллийн дагуу хурдхан шийдвэр гаргаж сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгож шийдвэрлээсэй гэж хүсч сууна. Би одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгох гэж зүтгээд байгаа юм биш ээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт л ийм болгосон юм шүү. Буруу гэж бодвол нэмэлт, өөрчлөлт, түүнд шилжих хавсралт хуулийг л дутуу дулимаг хийж гэж ойлгоорой. Үндсэн хуульдаа бүрнээ нийцүүлж, Үндсэн хуулиа мөрдөх ёстой шүү дээ.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

Шинэ мэдээ