728 x 90

ОНЦЛОХ: “Цэцэрлэг”-ээс төрсөн АНХНЫ гавьяат

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр/2021.06.11/ боловсролын салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй болон төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий эрхмүүд төрийн дээд цол хүртэж байгаагаас гавьяат цолоор энгэрээ мялаалгасан зарим эрхмийг онцлон хүргэж байна.

Бага ангийн багшаар тасралтгүй 50 жил ажилласан “шинэхэн гавьяат” С.Алтанцэцэг

Бага ангийн сургалт ирээдүйн иргэний хүмүүжил, төлөвшлийн суурь, зөв дадал, зуршлыг суулгадаг. Бага ангийн багш гэх чухал мэргэжлийг эзэмшиж, хүүхдийг боловсролын суурийг тавих чухал ажлыг 1970 оноос хойш тасралтгүй 50 жил үр бүтээлтэй гүйцэтгэж, олон мянган хүүхэд, багачуудад өөрийн мэдлэг, чадварыг өвлүүлсэн ахмад багш С.Алтанцэцэг өнөөдөр “Монгол Улсын гавьяат багш” цолоор энгэрээ мялаалаа. Мэргэжилдээ үнэнч байж, олон мянган шавь төрүүлсэн түүний хөдөлмөр зүтгэлийг төр ийнхүү өндрөөр үнэлжээ.

 “Цэцэрлэг”-ээс төрсөн анхны гавьяат багш Б.Бадамханд

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сургуулийн өмнөх боловсролыг дэмжиж, нийгэмд бэлтгэгдсэн иргэд болгон төлөвшүүлэхэд бэлтгэх амаргүй албыг олон жил хашсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Баянхонгор аймгийн 3 дугаар цэцэрлэгийн ахмад багш Б.Бадамхандад өнөөдөр “Монгол Улсын гавьяат багш” цол хүртээлээ. Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсрол, төлөвшлийн суурийг тавьдаг хүмүүжлийн өргөөнд “насаараа” ажилласан 73 настай ахмад багш энэ цолыг хүртэж байгаа нь Монгол Улсын түүхэн дэх цэцэрлэгийн багш гавьяат болж буй анхны тохиолдол гэдгээрээ өнөөдрийн онцлох үйл явдал болж байна.

Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлтэй нөхцөлд хүүхэд багачууд, оюутан сурагчдын сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй, шинээр үүссэн нөхцөлд тааруулан зайны сургалтыг зохион байгуулах үүргийг Монголын багш, сурган хүмүүжүүлэгчид хангалттай биелүүлж чадсаныг өндрөөр үнэлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч ярианыхаа төгсгөлд онцолсон юм.

 

Шинэ мэдээ