728 x 90

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад тус академийн Хүндэт академич цолыг олгох шийдвэрийг гаргасан байна.

Энэ шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр Дүрслэх урлагийн академийн Хүндэт академичийн өргөмжлөл, алтан тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад гардууллаа.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өргөмжлөлийг гардуулан өгөхдөө, хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр хувь нэмэр оруулсан гэдгийг онцолж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлэхдээ, ирж яваа цагийн Майдар бурхны босоо дүрийг босгох “Их Майдар” төсөл, Улаанбаатар хотоос 53 км зайд байрлах Чингис хааны морьт хөшөө болон бусад томоохон бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд уран бүтээлчийнхээ хувиар оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү нэр хүндтэй цолыг мэргэжлийнх нь хувьд олгож байгаад талархал илэрхийлэв.

Өдгөө 263 жилийн түүхтэй ОХУ-ын Дүрслэх урлагийн академи нь дэлхийн ууган академиудын нэг бөгөөд тус академийн Ерөнхийлөгчөөр ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач, Лениний одонт З.К.Церетели ажиллаж байна.

Шинэ мэдээ